Нарутогийн дүрүүд ямар сэтгэцийн өвчинтэй байж болох вэ?

Масаши Кишимотогийн бүтээл болох Наруто манга нь 1999 онд олны хүртээл болж байсан ба 2002 оноос эхлэн анимэ болон бүтээгдэж өргөн дэлгэцээр цацагдаж эхэлсэн. Дэлхий даяарх олон мянган фэнүүдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн уг бүтээл 15 жил үргэлжилсний эцэст 2017 оны 3 сард Наруто: Шиппүдэн 500-р анги гарснаар өндөрлөсөн билээ. Уг анимэ дээр дүрслэгдсэн ертөнцөд хүүхдүүд бага наснаасаа эхлэн нинжа болоход бэлтгэгдэж, байнгын дайн дажин, цуст тэмцлийн дунд амьдардгийг бодоод үзэхэд дүрүүд нь ямар нэгэн сэтгэцийн өвчинтэй байж болохыг үгүйсгэхгүй юм хэмээн рэддит дээрх нэгэн фэний дэвшүүлсэн таамгийг та бүхэнд орчуулан хүргэж байна.

1. Нарутогийн дотор орших есөн сүүлт үнэг

Уг фэний бичсэнээр Нарүтогийн доторх есөн сүүлт үнэг нь ямар нэгэн сэтгэцийн эмгэгийн илэрхийлэл байж болох юм гэжээ. Есөн сүүлт үнэг нь түүний дотор амьдрах араатан бөгөөд Нарүто үүндээ хяналт тавьж удирдах ёстой байдаг. Үүнийг хувийн амьдралд эмх замбараагүй байдал үүсгэдэг сэтгэцийн өвчин ба үүндээ тохирох эмчилгээ хийлгэхтэй зүйрлэжээ. Нарүтогийн хувьд есөн сүүлт үнэгийг хянаж сурахаас гадна өөрийн хүч болгон ашиглаж чаддаг болдог билээ. Үүгээрээ сэтгэцийн өвчин бүхэн муу байх албагүй бөгөөд зөвөөр ашиглаж чадвал тухайн хүний давуу тал болж болно гэдгийг зүйрлүүлжээ.

2. Гаарагийн түүх бусдын хандлага сэтгэцийн өвчнийг хэрхэн хүндрүүлж болох тухай

Гаарагийн түүхийг Нарүтогийнхтой адилтган үзвэл, тэр ч мөн адил дотроо мангас тээж байдаг. Өөрөөр хэлбэл, уг фэний зүйрлэснээр сэтгэцийн өвчин. Гаарад ямар ч бусдыг өвтгөх хүсэл байхгүй ч, тосгоныхон нь түүнийг мангас хэмээн ялгаварлан гадуурхсаар ирсэн. Хэд хэдэн ноцтой үйл явдлууд болсны дараа, Гаара хүртэл бусдын адил өөрийгөө мангас гэж бодож эхлэн бүх өвдөлт, уур бухимдлаа тосгоныхондоо гаргадаг. Ихэнх сэтгэцийн өвчтөнүүдийг догшин ширүүн авиртай гэж ойлгон ялгаварлан гадуурхах нь элбэг байдаг. Ингэснээрээ тэдгээр хүмүүс Гаарагийн түүхтэй нэгэн адил бусад хүний хандлагад нийцүүлэн авирлаж эхэлдэг байна.

3. Карин – Сэтгэл хөдлөлийн тогтворгүй хувь хүний эмгэг

Фэний бичсэнээр Карин Үзүмаки сэтгэл хөдлөлийн тогтворгүй хувь хүний эмгэгтэй гэжээ. Ийм эмгэгтэй хүн бусдад хаягдахаас маш их айдаг бөгөөд үүнээс зайлсхийхийн тулд өөрийгөө болон бусдыг өвтгөх хэмжээний хэтэрсэн арга мэхнүүд хэрэглэх нь бий. Тэд юманд хэтэрхий туйлширсан хандлагатай байдаг ба хэн нэгнийг хэтэрхий хайрлах эсвэл хэтэрхий их жигшин зэвүүцэх хандлагууд гаргадаг нь ажиглагддаг. Мөн уг зан авир нь хурдан хувьсаж өөрчлөгддөг байна. Карины хувьд бусадтай харилцах харьцаанаас нь харахад эдгээр шинж тэмдгүүдийг харуулдаг. Тэрээр Сасүкэтэй тийм ч таатай харилцаатай биш ч өөрийгөө эмчил хэмээн гараа хазуулах хүсэлтэй байдаг. Мөн Сүигэцүгийн жаахан шоглоомд хүртэл хэт уурлаж харагддаг. Эдгээр нь түүний хурдан хувьсаж өөрчлөгддөг зан байдлыг харуулжээ.

4. Хината Хюүга – Нийгмээс айх айдас

Хината Хюүга зүгээр л ичимхий юу? Эсвэл нийгмээс айх айдастай юу? Нийгмээс айх айдастай хүмүүс бусдын шүүмжлэлээс эмээдэг тул бусадтай харьцахаас аль болох зайлсхийдэг. Энэ нь тэдний өөртөө итгэх итгэл болон өөрийн үнэлэмжид сөргөөр нөлөөлдөг ба цаашлаад сэтгэл гутралд хүргэх аюултай байдаг байна. Хинатагийн хувьд хатуу гэр бүлд өсөж хүмүүжсэн бөгөөд яаж ч хичээсэн гэр бүлийнхнийхээ хүлээлтэд хүрч чадахгүй гэдэг мэдрэмжээр бусадтай харьцахаас зайлсхийсээр ирсэн. Тэрээр өөрийгөө хэт доогуур үнэлдэг бамхолбоо тогтоохыг хүссэн хүнтэйгээ ярилцахаасаа маш их ичдэг юм.

5. Сай аутизмтай байж болно

Рүүтээс гарч долдугаар багт хожим нэгдсэн Сай аутизмтай байх боломжтой. Аутизмыг сэтгэцийн өвчин аль эсвэл сэтгэцийн хөгжлийн өөр нөхцөл үү гэдэг талаар судлаачид маргасаар байдаг. Ямартай ч, Сай-с аутизмын олон шинж чанаруудыг харж болох аж. Аутизм нь маш олон төрлийн шинж тэмдгүүдтэй байдаг бөгөөд бусадтай харилцахад ярвигтай, зан байдлын давтагддаг хязгаарлагдмал нөхцөл, мэдрэхүйн төвөгтэй боловсруулалт, өөрийгөө илэрхийлэх болон бусдын илэрхийлэмжийг ойлгоход төвөгтэй гэх мэтчилэн түгээмэл шинж тэмдгүүдээс дурдаж болох юм. Сай анх багт орохдоо бусадтай ярилцаж чаддаггүй байсан ба хүмүүсийн харилцааны тухай ном унших шаардлагатай болдог. Түүнээс гадна хүсээгүй ч бусдыг доромжилсон утгатай зүйлс хэлчихдэг. Мөн тэрээр маш олон цагийг зураг зурахад зориулдаг ч тэднээсээ ямар ч сэтгэл хөдлөл мэдэрдэггүй, юу гэж нэрлэхээ ч мэдэхгүй байна хэмээдэг. Уг таамгийг няцаах зүйл нь Сай-г багаас нь сэтгэл хөдлөлөө дарж, бусадтай харилцаа тогтоож чадахгүй байхаар сургасан гэдэг нь юм.

6. Цүнадэ – Цуснаас айх эмгэг

Маш олон нинжа нар цус урсган тулалдаж байгааг бид харж болох ч тэр дундаас Цүнадэ л хэмофобиа буюу цуснаас айх эмгэгийн шинж тэмдгийг харуулдаг. Тэрээр цус харвал маш их түгшиж, ухаан нь балартаж, хөдөлж чадахаа больдог. Энэ нь түүний тулааны үеэрх томоохон саадуудын нэг юм. Тэр өөрийгөө амархан эмчилж болох ч дайсныхаа асгаруулах цусыг яах ч аргагүй. Тэрээр үүнээсээ болоод Орочимарүгийн эсрэг тулаанд ялагдах шахсан ч, тухайн үед 12 настай байсан Нарүто түүнийг хамгаалах үед ухаан ордог.

7. Обито Үчиха – Трүмэний синдром

Обито Үчиха нь трүмэний синдромтой байж болно. Энэ нь сэтгэлзүйн төөрөгдлийн нэгэн хэлбэр бөгөөд тухайн өвчтөн өөрийн амьдарч буй ертөнцийг болон хүмүүсийг нь жинхэнэ гэж итгэдэггүй. Ихэнх тохиолдолд өвчтөнүүд өөрийн амьдралыг телевизийн шоу гэж боддог байна. Обитогийн хувьд тийм ч их шинж тэмдэг илэрдэггүй ч гэсэн бодит ертөнцөөс тасарсан мэт байдаг. Түүнээс гадна өөрийн биеийг өөр хэмжээст рүү шилжүүлэх орон зай жүцү болох Камүй ашиглаж чаддаг билээ. Мөн тэрээр энэ ертөнцийг бохир муухай, бодит бус цорын ганц ангижрах зам нь үүнийг дуусгах хэмээн боддог.

8. Жүго – Хоёр туйлт сэтгэцийн эмгэг

Уг фэний бичсэнээр Жүго хоёр туйлт сэтгэцийн эмгэгтэй байж болох юм. Уг эмгэг нь хэт хөөрөл болон сэтгэл гутрал хоёрын хооронд тухайн хүний сэтгэл санааны байдал ямагт хэлбэлзэн байдаг эмгэг юм. Жүгогийн гэнэтийн уур бухимдал хүн алахад хүргэдэг. Энэ үедээ тэрээр өөрийгөө удирдаж чаддаггүй бөгөөд хянаж сурахын тулд өөрийгөө Орочимарүд даатгадаг.

Үнэн хэрэгтээ хоёр туйлт сэтгэцийн эмгэг болон өөр ямар нэгэн сэтгэцийн өвчин нь заавал хүчирхийллийг дэвэргэдэггүй. Ихэнх тохиолдолд өвчтөнүүд өөрсдөө хүчирхийллийн золиос болох нь элбэг байдаг. Үүний нэг жишээ нь Жүгогийн арга ядсан байдлыг ашиглан Орочимарү түүн дээр ёс бус туршилт хийсэн явдал билээ. Нөгөөтээгүүр Жүгогийн гаргаж буй хүчирхийлэгч зан авир нь түүнийг хоёр туйлт сэтгэцийн эмгэгтэй болгож буй биш бөгөөд өөрөө удирдаж чадахгүй байгаа сэтгэл хөдлөлийн байдал нь түүнийг ийм болгоход хүргэж байгаа юм.

9. Сасүкэ Үчиха – Гэмтлийн дараах стрессийн эмгэг

Сасүкэгийн ах овгийнхноо бүгдийг нь хөнөөн ямар ч тайлбаргүйгээр түүнд гэнжүцү ашиглан хийсэн бүхнээ харуулдаг. Ийм зүйлийг харсан хэнд ч бай сэтгэлзүйн тусламж хэрэгтэй боловч Сасүкэ ямар ч туслалцаагүйгээр ганцаараа амьдарсаар ирсэн. Тэрээр уур хилэн, өшөө авалтаар дүүрэн байсан ч хажуугаар нь тааварлашгүй олон сэтгэл хөдлөлүүдийг мэдэрч байсан. Эдгээр нь сэтгэл гутрал болон гэмтлийн дараах цочмог стрессийн эмгэгийн шинж тэмдэг юм.

10. Пэйн – Бие хүн хуваагдах эмгэг

Фений бичсэнээр Нагато буюу Пэйн нь бие хүн хуваагдах эмгэгтэй гэжээ. Тэрээр өөрийн биеэр явалгүй хүүхэлдэй мэт цогцсуудыг удирдахаас гадна өөрийн нас барсан найз Яахикотой төстэй болгон өөрийгөө хувиргадаг. Бие хүн хуваагдах эмгэг нь “бодол санаа, танин мэдэхүй, ухамсар, ой санамж зэргийн салангид байдлаар тодорхойлогддог бодит байдлаас өөрийн эрхгүй зугтах явдал юм.” Тэрээр Коноха руу дайрахдаа өөрийн төрхийг ашиглаагүй нь ямар нэг дайралтын тактик биш байсан юм. Харин ч энх тайвныг эрхэмлэдэг, өөрийн сайхан сэтгэлт хувилбар нь дайн дажин өдөөдөг нөгөө талтай нь нийцдэггүйтэй холбоотой юм.

11. Шикамарү – Анхаарал сарних сэтгэцийн эмгэг

Шикамарү Нара анхаарал сарних сэтгэцийн эмгэгтэй мэт харагддаггүй ч, бодит амьдрал дээрх тухайн эмгэгтэй хүмүүстэй төстэй хэмээн нэгэн нийтлэгч бичсэн байна. Ийм эмгэгтэй хүмүүс ихэвчлэн өөрийн сонирхолгүй зүйлд төвлөрч чаддаггүй. Яг л Шикамарү бага байхдаа хичээл дээрээ байнга нойрмоглодог байсан шиг. Гэсэн хэдий ч эдгээр хүмүүс нь өөрийн сонирхлыг татсан зүйлдээ юунд ч сатааралгүйгээр маш сайн төвлөрч чаддаг байна. Үүний нэгэн жишээ нь гэвэл Шикамарү дайсны эсрэг ухаалаг тактик боловсруулахдаа хэрхэн төвлөрч, гаргууд сайн амжилт үзүүлдгийг дурдаж болох юм.  

12. Рок Лийгийн түүх хязгаарлалтыг давах тухай

Рок Лийгийн өөрийн чакраг бүрэн ашиглаж чаддаггүй байдлыг бодит амьдрал дээр сэтгэцийн эмгэг болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй зүйрлүүлж болох юм. Рок Лий өөрийн чадахгүй зүйлийг хийх гэж оролдолгүй, чаддаг зүйл болох тайжүцүгээ эцсийг нь хүртэл хөгжүүлж чаддаг. Тэрээр хэзээ ч гэнжүцү сураагүй ч, өөрийн гэсэн чадвартаа төвлөрөн түүнийгээ дагнан хөгжүүлснээр гайхалтай нинжа болох мөрөөдөлдөө хүрч чадсан билээ.

Энэ түүхээс хүн бүр адил зүйлийг чадах албагүй бөгөөд харин ч өөрийн гэсэн онцлогоо тодруулан, түүнийгээ давуулан хөгжүүлэх нь юу юунаас илүү чухал гэдгийг ойлгож болох юм.

Бусад нийтлэл