Студи нь солигдсон 10 анимэ

Хоёр болон түүнээс дээш улиралтай анимэ-г үзэгчдийн хүртээл болгоно гэдэг чамгүй хөдөлмөр, цаг хугацаа болон хөрөнгө мөнгө шаарддаг ажил билээ. Энэ хугацаандаа олон төрлийн шалтгаануудаас үүдэн зарим анимэ-ний студи солигдох тохиолдол олон байдгийг ихэнх фэнүүд мэдэх байх. Жишээлбэл эхний улирлыг хийсэн студи дараагийн улирал дээр ажиллах завгүй эсвэл хүн хүч хүрэхгүй болох, бүр цаашлаад “Жимстэй сагс” шиг манга зураачдаа таалагдахгүй байх гэх мэт тодорхой шалтгаануудаас үүдэн студи нь солигддог. Ингэснээрээ ихэвчлэн тухайн анимэний зураглал сайнаар эсвэл бүр муугаар өөрчлөгдөхөөс гадна, зохиолын илэрхийлэмж ч өөр болдог. Харин дараах 10 анимэ хэрхэн өөрчлөгдсөнийг хамтдаа харцгаая.

1. Юү-Ги-О! (Yu-Gi-Oh!)

Toei Animation
Studio Gallop

Юү-Ги-О! анимэний ихэнх улирлыг Studio Gallop хариуцан хийсэн боловч анх Toei Animation дааж аван эхний улирлыг гаргаж байжээ. Уг бүлэг нь 0-р бүлэг гэж нэрлэгддэг бөгөөд үзэгчид сэтгэл дундуур байсан тул 27 анги гараад цуцлагдсан юм. Үүний дараа Studio Gallop даан авч “Юү-Ги-О! Дуэль Мангасууд” нэрээр гаргаж эхэлсэн ба анхлан тоглоомын элементүүдтэй аймшгийн төрлийн манга байсныг анимэ дээрээ зөвхөн дуэль мангасуудын тоглоомыг онцлон үргэлжлүүлэх болсон юм.

2. Ганц Цохидог Залуу (One-Punch Man)

Madhouse болон J.C. Staff

Ганц цохидог залуу анимэ-ний 1-р улирлыг Madhouse студи хийж, Шинго Нацүмэ найруулсан бол 2-р улирлыг J.C. Staff даан авч, Чикара Сакүрай найруулсан юм. Уг студи солигдсон шалтгаан нь тодорхой болоогүй билээ.

Шууд үзэх: https://anikod.mn/titles/454/

3. Сайко-Пасс (Psycho-Pass)

Production I.G
Tatsunoko Productions

Сайко-Пассын эхний улирлыг Хайкюүү!! анимэ-г гаргадаг Production I.G студи хийж байсан бол 2-р улирлыг нь Tatsunoko Productions гүйцэтгэжээ. Production I.G тухайн үед хүн хүч дутмаг, цаг хугацаа давчуу байсны улмаас 17, 18-р ангийг өөр студиэр хийлгэж байсан ч, уг 2 ангийн чанар нь муу байсан тул дараа нь өөрсдөө дахин хийсэн байдаг. Ямартай ч эхний улирлын ард гарсны дараа яах аргагүй өөр студид шилжүүлэх шаардлагатай болсон ба өмнө нь Tatsunoko Productions студийн охин компани байсан тул ажил хэргийн түншийн хувиар уг төслийг шилжүүлэн өгчээ. 2-р улирлын хувьд зураглалд нь мэдэгдэхээр өөрчлөлт гараагүй ч зохиолын хувьд зохион байгуулалт муутай болсон гэж үздэг байна.

Шууд үзэх: https://anikod.mn/titles/159/

4. Жимстэй Сагс (Fruits Basket)

Studio DEEN болон TMS Entertainment

Нацүки Такаяагийн Жимстэй сагс мангаг анх 2001 онд Studio DEEN хийж байсан ч мангаг бүрэн дүүрэн хүргэж чадаагүй юм. Уг төслийн үеэр Нацүки Такаяа найруулагч Акитаро Дайчитай өнгө будаг, дүрүүдийн зураглал болон зохиолын өгүүлэмж гээд олон зүйл дээр санал зөрөлддөг байсан гэдэг. Тиймээс ч цоо шинэ баг, дуу оруулагчид болон зохиолчидтойгоор 2019 онд TMS Entertainment гардан авч хийсэн билээ.

Шууд үзэх: https://anikod.mn/titles/346/

5. Фэйт/стэй наят (Fate/stay night)

Ufotable болон Studio DEEN

Studio DEEN гурван боломжит тоглоомын рутыг 24 ангитай нэг улиралд багтаах гэж хичээсэн бөгөөд дүрүүдийн хөгжүүлэлт муугаас гадна зураглал нь хангалттай байгаагүй тул Ufotable студи даан авч вижуал зохиолын зөвхөн нэг аркаар нь “Fate/stay night: Unlimited Bladeworks”-г гаргасан нь зураглал болон зохиолын өгүүлэмжийн хувьд ч сайшаагдсан бүтээл болсон юм.

Шууд үзэх: https://anikod.mn/titles/492/

6. Яах аргагүй миний залуу насны хайр буруу байна (My Teen Romantic Comedy SNAFU)

Brain’s Base болон Studio Feel

Эхний улирлыг Brain’s Base гаргасан ба дүрүүдийн хөгжүүлэлт сайнаас гадна зураглал нь ч хангалттай сайн байсан. Харин Studio Feel 2-р улирлыг даан аваад дүрүүдийн шинж чанарыг ашиглан инээдмийн байлгахаас илүүтэй Хачиманы сэтгэлзүйг гүнзгий ойлгуулах гэж оролдсон юм. Тиймээс ч уг дүр нь жинхэнэ хүн мэт олонд хүрсэн ба бусад сургуулийн инээдмийн жанрын анимэ-нуудаас онцгойрох давуу тал нь болж чадсан билээ. Үргэлжлүүлэн 3-р улирлыг ч мөн адил Feel студи бүтээжээ.

7. Фэйри тэйл (Fairy Tail)

Satelight
Bridge

Эхний улирлыг A-1 Pictures болон Satelight хамтран хийсэн ба хурц тод болон цайвар өнгүүд зонхилно. Харин дараагийн 2 улирлыг A-1 Pictures болон Bridge студи хамтарч хийснээр илүү бараан өнгөтэй болж зураглал нь өөрчлөгдсөнөөс гадна филлер анги багатайгаар гол манга-ны зохиолоо нягт дагах болж үзэгчдэд таашаагдсан юм.

8. Бууч Охин (Gunslinger Girl)

Madhouse болон Artland

Бууч охин анимэ-ний 1-р улирлыг Madhouse хийж байсан бол 2-р улирлаас Artland хариуцан авчээ. Ингэснээрээ дүрүүдийн шинж чанар болон зохиолын хувьд өмнөх улиралтайгаа төстэй байсан ч зураглал нь харьцангуй муу болсон юм.

9. Лог Хоризон (Log Horizon)

Satelight болон Studio DEEN

Лог Хоризон цувралын 1-р улирлыг Satelight хийж, 2-р улирлаас Studio DEEN дааж авсан ч чанар, зураглал болон зохиолын хувьд муу болсон гэж дүгнэн олон фэнүүд нь дундаас нь хаясан гэдэг.

10. Долоон Хар Нүгэл (The Seven Deadly Sins)

Studio DEEN

Хамгийн сүүлд шуугиан тарьж, олныг гонсойлгосон явдал бол Долоон Хар Нүгэл цувралын студи солигдсон явдал билээ. Уг цувралыг A-1 Pictures даан авч Aniplex студитэй хамтран эхний хоёр улирал болон “Долоон Хар Нүгэл: Тэнгэрийн Хоригдлууд” киног нь бүтээсэн юм. Гэсэн ч кино нь хангалттай байгаагүй гэж үзэн, Aniplex студи уг төслөөс татгалзсан. Ингэснээр A-1 Pictures шинэ студи олох шаардлагатай болсон ба тухайн үед цаг зав, боломжтой байсан студи нь Studio DEEN байсан юм. Ингээд 3-р улирал үзэгчдийн хүртээл болж шахуу хуваариас болоод зураглал болон зохиолын хувьд олон фэнүүдийг гонсойлгосон билээ. Ялангуяа маш их хүлээлттэй байсан Эсканор болон Мэлиодасын тулааны хэсэгт яах аргагүй олон үзэгчид сэтгэл дундуур үлдсэн юм. Түүгээр ч зогсохгүй манга дээрх сэтгэл хөдөлгөм хэсгүүдийг зохиолд сайн тусгаагүй гэж шүүмжлүүлсэн.

Шууд үзэх: https://anikod.mn/titles/63/

Бусад нийтлэл